Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэн байгуулсан төслөөр бид хотын иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Морингийн даваанд орчин үеийн шаардлага хангасан төвлөрсөн хогийн цэг, барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн шинэ шат эхэллээ.
Сэлбэ хот төслийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй барилгуудыг албадан буулгаж, барилгаас гарч буй төмөр, чулуу зэрэг барилгын материалыг ялган ангилж, дахин боловсруулж эхэллээ.
Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн захирал Ц.Болд “Манай үйлдвэрийн хувьд Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар баригдаж, шинээр ашиглалтад ороод байна. Нийт 27 орчим зориулалтын машин, механизмаар барилгыг буулгах, гарсан хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах зэрэг үйл ажиллагааг ийнхүү эхлүүлж байна. Өнөөдрийн буулгаж буй объектын нийт талбай нь 1775 метр квадрат. Үүнээс 1864 тонн барилгын хог хаягдлыг гарган авч, Биокомбинат дахь үйлдвэр рүү тээвэрлэх замаар 7-10 хоногт буулгаж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.”